Узбекистан, Самарканд: Нүүдлийн зүйлийн тухай конвенцын талуудын 14 дүгээр хуралд оролцогч талууд Ази дахь Хонин Тоодогт зориулсан шинэчилсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг санал нэгтэйгээр баталлаа! Монгол Улсын Засгийн газраас санал болгож буй энэхүү баримт бичгийг Монгол Улсын Евро-азийн тоодог судлалын холбоо болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн Доктор Мими Кесслер болон Доктор Батбаярын Нямбаяр нар хянан найруулсан бөгөөд бүс нутгийн 30 гаруй мэргэжилтнүүд хувь нэмрээ оруулжээ.
Үйл ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөөнд популяцийн үнэлгээ болон тулгарч буй аюул заналуудыг тодорхойлж Ази тив дах хамгааллын арга хэмжээг эрэмбэлснээр Хонин тоодогийн хамгааллын олон улсын хүчин чармайлтын түүхэнд шинэ хуудас нээгдэж байна.
2024 оны 2-р сард болсон Нүүдлийн зүйлийн тухай конвенцын талуудын 14 дүгээр хурлын (CMS COP14) хэлэлцэх асуудлын жагсаалтад Ази дахь Хонин тоодогт зориулсан Нэгдсэн арга хэмжээг шинэчлэх асуудал мөн багтсан. Энэхүү нэгдсэн арга хэмжээний эхний гурван жилийн хөтөлбөрт Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажил багтсан байсан бол дараагийн гурван жилд төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах болно. Монгол Улсын Засгийн газар энэхүү хоёр үеийг удирдсаны дараа Ираны Засгийн газар Нэгдсэн үйл ажиллагааг удирдахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болно.
CMS COP14 чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газраас хэлэлцэх асуудлын хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд Казахстаны Засгийн газар, Европын холбоо, IUCN ( Олон улсын байгаль орчин болон байгалийн нөөцийг хамгаалах холбоо) дэмжлэгийн үгсээ хуваалцжээ.