Евро-Азийн тоодог судлалын холбоо энэ намар Увс нуурын ай сав орчимд хонин болон жороо тоодгийн судалгаа хийлээ. Мөн энэ үеэр хил залгаа Оросын талд Бүгд Найрамдах Тува Улсын Убсунурын тусгай хамгаалалттай газрын биологичид ижил төрлийн судалгаа хийсэн байна. Манай багийнхан Монгол улсын хил орчимд нүүдэллэхээр цугласан хонин тоодгийн дөнгөж хорин бодгал бүртгэв. Нутгийн иргэдийн яриагаар энэ бүс нутагт хонин тоодог элбэг байсан бөгөөд баруун Монголын бие биелгээг тоодог шүхэрлэхтэй зүйрлэн хэлсэн нь бий. Харин бид өнөөгийн байдлаар энэ нутагт арав хүрэхгүй тооны хонин тоодог үржиж байна гэж үзэв. Судалгааны үеэр ярилцлагад хамрагдсан хүмүүсийн тал орчим нь хонин тоодгийг таньж байсан бөгөөд тус зүйлийг өөрсдөө агнаж байсан эсвэл бусад хүмүүс агнаж байхыг харсан байв. Маш ихээр аюулд өртсөн, тусгаарлагдмал хонин тоодгийн эдгээр популяци үгүй болбол үржлийн нутагт нь ахин сэргээх боломж маш хомс юм.
2016 оны 10-р сар